Цаг үеийн мэдээ
ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАД НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САЛБАРЫН 1000 ГАРУЙ АЛБАН ХААГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, нийгмийн халамжийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын ёс зүйн хандлага төлөвшүүлэх зорилгоор салбарын нийт албан хаагчдыг хамруулсан гурван өдөр үргэлжлэх сургалт өнөөдөр эхэллээ.
Сургалтад оролцогчдод Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрээр салбарын үйлчилгээг бүрэн цахимжуулснаар иргэдэд учирдаг чирэгдэл багасч, цаг завыг хэмнээд зогсохгүй халамжийн ажилтнуудын ажлын ачаалал буурна. Нийгмийн халамжийн цахим үйлчилгээг бүрэн нэвтрүүлэхэд та бүхний оролцоо, ёс зүй, хандлага чухал” гээд сургалтад идэвхтэй оролцохыг уриалж амжилт хүслээ.
Гурван өдөр үргэлжлэх тус сургалтаар салбарын албан хаагчид “Нийгмийн халамжийн хуулийн шинэчлэл”, “Нийгмийн халамжийн цахим үйлчилгээ, цахимжуулалт”, “Монгол хүний үнэт зүйл ба төрийн албаны зарчим, хариуцлага”, “Нийгмийн халамжийн ажилтны ёс зүй ба хандлага, төлөвшил”, “Цахим орчны хэрэглээ ба хувь хүний хөгжил, сэтгэл зүй” сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олж авах юм.
Энэхүү сургалт нь “Динамик сургалтын платформ”-ыг ашиглан аймаг дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд, сум, хорооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Нийслэлийн нийгмийн халамжийн газрын албан хаагчид нарын 1000 шахам хүнийг нэгэн зэрэг хамруулж байгаагаараа онцлог болж байна.