Өдөрлөг, яармаг зохион байгуулах
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг
Монгол Улсын Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах шийдвэр гарсан.
Үүний дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017 оны 06 дугаар сарын 19-20-ны өдөр Сүхбаатарын талбайд 09:00-18:00 цагийн хооронд зохион байгуулсан. Өдөрлөгт хөдөлмөр эрхлэлт, эрүүл, мэнд нийгмийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд оролцож хамтран ажилласан. Үүнд:
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Төвийн 6 дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүд байлаа.
Өдөрлөгийн зорилго нь иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үйл ажиллагааг сурталчлан, хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлт, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхэд залуучууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн боловсролын тухай хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан таниулж, салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд чиглэгдсэн.
Мөн зарлагдсан ажлын байрны мэдээллийг иргэдэд хүргэх ажил олгогчид шаардлагатай хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил хайгч иргэд тохирох ажлын байрандаа бүртгүүлж түр болон байнгын ажлын байраар хангагдах боломж нөхцлийг бүрдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах явдал байлаа.
Тус өдөрлөгт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн нийт 98 орчим байгууллага оролцлоо.
Өдөрлөгт 68 ажил олгогчдыг татан оролцуулан 2970 нээлттэй ажлын байр зарлагдаж, 4440 иргэнийг тохирох ажлын байранд бүртгэж хүний нөөцийн сонгон шалгаруулалтыг шат дараатайгаар хийсэн.
Мөн Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Төвийн 6 дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 2603 нээлттэй ажлын байр зарлагдаж 6528 иргэнийг бүртгэн нийт 10968 иргэнийг ажилд зуучлах үйлчилгээнд хамрууллаа.
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг дараах чиглэлүүдээр хүргэн ажилласан. Үүнд:
№ | Үйлчилгээний төрөл | Зөвлөгөө мэдээлэл авсан иргэдийн тоо |
1 | Эрхийн бичгийн сургалт | 700 |
2 | Гарааны бизнес /Startup/ | 845 |
3 | Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт | 635 |
4 | Жижиг зээл олголт | 520 |
5 | Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээ | 12900 |
6 | Голомт банкны зээлийн үйлчилгээ | 120 |
Нийт дүн | 15720 |
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Стартап Монголиа” төрийн бус байгууллагатай хамтран гарааны бизнесийн анхан шатны ойлголт, мэдээлэл өгөх сургалтад 50 залуучууд хамрагдаж, энтрепренер сэтгэлгээг суулгах бүлгийн тоглоомыг 30 залуучуудын дунд тоглуулж бизнес сэтгэлгээг хөгжүүлсэн.
Өдөрлөг нь төр, хувийн хэвшлийн байгууллагууд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг нэг дороос хүргэх, нөгөөтэйгүүр их, дээд сургууль, МСҮТ шинээр төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллийг хүргэх, ажил олгогч байгууллагууд шинэ залуу ажиллах хүчнээр хангагдах нөхцлийг бүрдүүлснээрээ онцлог болсон.