Статистик
ХӨДӨЛМӨРИЙН ЗЭХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА – 2018
Судалгааны тайланг үзэх линк: http://rilsp.gov.mn/tasudalgaa.php
Тус судалгааны зорилго нь нэг жилийн хугацаанд /2019.01-2019.12/ хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй байх ажлын байрыг эдийн засгийн салбараар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүсээр тодорхойлон, салбарын бодлого боловсруулагчид болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршдог. Судалгааг ҮСХ-ны Бизнес регистрийн санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2636 ААНБ-ыг тусгай арга, аргачлалын дагуу түүвэрлэн, хамруулсан бөгөөд үр дүнг түүврийн эх олонлогт тархаан тооцсон болно. 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байгаа нь өмнөх оноос 6.9 хувиар агшсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч уг эрэлт нь нийт ажиллагчдын тоог 5.6 хувиар өсгөх боломж олгох юм. Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 65.2 хувь нь байнгын ажлын байр буюу хөдөлмөрийн зэх зээл энэ хэмжээгээр тэлэх боломжтой юм. байна. Харин 34.8 хувь нь сул ажлын байр буюу тэтгэвэрт, жирэмсний амралт, суралцахаар явагчдын орны орон тоо байх юм. Нийт эрэлтийн 25.5 хувь буюу 17700 ажлын байр барилгын салбарт, 19.0 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, 14.8 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бий болохоор байна. Иймээс дээрх салбарууд 2019 оны хөдөлмөрийн зах зээлд голлох эерэг нөлөөг үзүүлэх юм. Харин усан хангамж; бохир ус, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн үйл ажиллагааны салбар, урлаг үзвэр, тоглоом наадам, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, үйлчилгээний бусад үйл ажиллагаа, мэдээлэл, холбоо, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарууд хөдөлмөрийн эрэлтэд хамгийн бага нөлөөтэй байхаар байна. 2018 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс шалтгаалан 18.2 мянган ажиллах хүчний хомсдол бий болсон бөгөөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр энэхүү хомсдолд өртсөн байна. Ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд дараах зүйлсийг дурджээ. Ажил олгогчдын 22.2 хувь нь ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал хамгийн их бэрхшээл болдог гэж үзсэн бол 18.2 хувь нь ажлын байранд тогтвортой ажиллах хүсэлгүй байх, 17.1 хувь нь ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурджээ. Эдгээр хүндрэл бэрхшээл жил бүрийн судалгаагаар удаа дараа нэрлэгдсээр байгааг анхаарах хэрэгтэй.