Connect with us

Цаг үеийн мэдээ

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 2018 ОНЫ ТӨЛӨВ

Нийтэлсэн

-

“Хөдөлмөрийн зах зээлийн 2018 оны төлөв” судалгааны ажлын танилцуулгын хүрээнд “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”, “Цалин хөлсний бүтцийн судалгаа”, “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”, “Ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгаа”, “Залуучуудын ажилгүйдэл, эдийн засгийн идэвхгүй байдлын судалгаа”, мөн хөдөлмөрийн зах зээлийн дунд болон урт хугацааны нийлүүлэлтийн таамаглал зэрэг судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг танилцууллаа.  Хийгдсэн судалгааны ажлын зарим үр дүнг танилцуулъя.

 

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТИЙН БАРОМЕТРИЙН СУДАЛГАА

Тус судалгааны зорилго нь нэг жилийн хугацаанд /2018.01-2018.12/ хөдөлмөрийн зах зээлийн ажиллах хүчний эрэлт буюу хэрэгцээтэй байх ажлын байрыг эдийн засгийн салбараар, ажил мэргэжлийн ангиллаар болон бүсээр тодорхойлон, салбарын бодлого боловсруулагчид болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад оршдог. Судалгааг ҮСХ-ны Бизнес регистрын санд бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 2507 ААНБ-ыг тусгай арга, аргачлалын дагуу түүвэрлэн, хамруулсан бөгөөд үр дүнг түүврийн эх олонлогт тархаан тооцсон болно. Улсын хэмжээнд 2018 онд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн хэмжээ 74.6 мянга болж, ажиллах хүчний эрэлтийн хэмжээ өнгөрсөн оны судалгааны үр дүнгээс 5.5 хувиар өсөх хандлагатай байгааг харуулж байна. Судалгаагаар ажиллах хүчний нийт эрэлтийн 76.4 хувь буюу 57.0 мянга нь 2018 оны эхний хагаст, үлдсэн 23.6 хувь буюу 17.6 мянга нь сүүлийн хагас жилд бий болохоор байна. Ажиллах хүчний нийт эрэлтийн 71.5 хувь нь байнгын ажлын байр байх хүлээлттэй байна. Ажлын байрны төрлөөр 65.3 хувь нь шинэ, 34.7 хувь нь сул ажлын байр байна. 2018 онд барилгын салбар, бөөний болон жижиглэн худалдааны салбарын ажиллах хүчний эрэлт өмнөх оноос өндөр өсөлттэй байхаар харагдаж байна. Тухайлбал, барилгын салбарт 18.6 мянган ажиллах хүчний эрэлт бий болох бол бөөний болон жижиглэн худалдааны салбарт 15.2 мянган ажиллах хүчний эрэлт бий болох төсөөлөлтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад өссөн үр дүн юм. Иймээс дээрх салбарууд 2018 оны хөдөлмөрийн зах зээлд эерэг нөлөөг үзүүлэхээр харагдаж байна.  Харин усан хангамж, бохир ус, хог, хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа, цахилгаан, хий, уур, агааржуулалтын хангамжийн үйл ажиллагааны салбар, урлаг үзвэр, тоглоом наадам, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа, үйлчилгээний бусад үйл ажиллагаа, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбаруудад ажиллах хүчний эрэлт хамгийн бага байхаар байна. Харин өнгөрсөн 2017 онд хөдөлмөрийн зах зээлд зохих мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 10.9 мянган ажиллах хүчний хомсдол ААНБ-ын хэмжээнд бий болсон бөгөөд бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар хамгийн ихээр энэ хомсдолд өртсөн байна. Түүнчлэн ажил олгогчид шинээр ажилтан авч ажиллуулахад хамгийн их тохиолддог бэрхшээлд 31.5 хувь нь ажил хайгчийн ажлын туршлагагүй байдал, 23.5 хувь нь боловсрол, мэргэжлийн түвшин нь ажлын байрны шаардлагад нийцдэггүй, 13.2 хувь нь ажил хайгч ажлын байрны орчин нөхцөл, цалин хөлс голдог гэж дурджээ. Тус судалгаагаар хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа эхний 20 ажил, мэргэжлийг эрэмбэлэн, тодруулдаг. Үүнд барилга, үйлдвэрлэл аж ахуйн туслах ажилтан, цэвэрлэгч, угаагч үйлчлэгч зэрэг мэргэжил шаардахгүй энгийн ажил мэргэжил, засалчин, шаварчин, худалдагч, оёдолчин, эм найруулагч, тогооч, мужаан, цахилгаанчин зэрэг мэргэжлийн болон техникийн боловсролоор бэлтгэдэг ажил, мэргэжил, нягтлан бодогч, барилгын инженер, хийн хоолойн инженер зэрэг дээд боловсролоор бэлтгэдэг ажил мэргэжлүүд эрэмбэлэгдэн орсон байна.

Судалгаанаас дараах зөвлөмжийг тодотгосон байна.

  1. Манай улсын хөдөлмөрийн нөөц дэх бүрэн дунд болон түүнээс доош боловсролтой, мэргэжилгүй, ажлын туршлагагүй ажиллах хүчинд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлага өндөр байна.
  2. Ажил олгогчдын хүсч буй зан чанар, зөөлөн ур чадварыг ЕБС, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын сургалтаар эзэмшүүлэх,  төлөвшүүлэхэд анхаарах, мөн хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг олон хэлбэрээр зохион байгуулах.
  3. Төрийн болон хувийн хөдөлмөр зуучлалын байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хяналт үнэлгээг тогтмол явуулах.
  4. Улсын хэмжээний нийт ажилгүй иргэдийн 36.3 хувь нь Улаанбаатар хотод байдаг, мөн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн дийлэнх нь энэ бүс нутагт байдаг учраас энэ бүс нутгийн ажилгүй иргэдийг хөдөлмөрийн хэлтэс, биржид бүртгүүлэх, ажлын байранд зуучлах ажлыг идэвхжүүлэхэд онцгойлон анхаарах хэрэгтэй юм.

 

 ЦАЛИН ХӨЛСНИЙ БҮТЦИЙН СУДАЛГАА

Тус судалгаагаар ажиллагчдын үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал зэрэг цалин хөлсний бүтцийг нарийвчлан тодорхойлдог, хоёр жил тутамд тогтмол зохион байгуулдаг судалгаа юм. Цалин хөлсний бүтцийн судалгаанд нийт 2376 ААНБ-ын 29904 ажиллагчид хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан ажиллагчдын цалин хөлсний бүтцийн хувьд нийт цалингийн 86.3 хувийг үндсэн цалин, 6.9 хувийг нэмэгдэл, 5.5 хувийг нэмэгдэл хөлс, үлдсэн 1.2 хувийг шагнал урамшуулал эзэлдэг байна. Энэхүү үзүүлэлтийг 2015 оны судалгаатай харьцуулвал үндсэн цалин 1.1 пунктээр, нэмэгдэл хөлс 1.0 пунктээр өссөн бол нэмэгдэл 0.7 пунктээр, шагнал урамшуулал 0.4 пунктээр буурсан үзүүлэлттэй байна. Эдийн засгийн үйл ажиллагааны салбараар нийт цалингийн дундажийг тооцож, судалгааны дундаж нийт цалинтай харьцуулахад уул уурхай, олборлолтын салбар хамгийн өндөр буюу 698.1 төгрөгөөр, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн салбарт 426.8 төгрөгөөр, санхүү болон даатгалын үйл ажиллагааны салбар 165.5 төгрөгөөр, мэдээлэл холбооны салбар 113.3 төгрөгөөр, бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклын засвар үйлчилгээний салбар 108.8 мянган төгрөгөөр өндөр байна. Бусад салбарын хувьд улсын дунджаас доогуур нийт цалинтай байна. Хөдөө аж ахуй, загас барилт, ан агнуурын салбарын ажиллагчдын нийт цалингийн дундаж 500.5 мянган төгрөг байгаа нь хамгийн бага нийт цалинтай байна. Судалгаанд хамрагдсан ААНБ-т ажиллаж байгаа бүрэн бус цагаар хөдөлмөр эрхэлж буй 1094 ажиллагчид буюу нийт ажиллагчдын 3.7 хувь байна. Тэдний 55.1 хувь нь эрэгтэй, 44.9 хувь эмэгтэй байна. Бүрэн бус цагаар хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлсний хувьд 50 ба түүнээс дээш ажиллагчидтай ААНБ-ын хувьд нийт дундаж цалингаас дээгүүр, харин 49 ба түүнээс доош ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчид улсын нийт дундаж цалингаас бага хэмжээгээр цалинжуулдаг байна. Харин судалгаанд хамрагдсан ажиллагчдын 3.6 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр, 1.4 хувь нь түүнээс бага цалинтай байгаа бөгөөд эдгээр ажиллагчдын 53.9 хувь нь эрэгтэй, 46.1 хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн ажиллагчдаас илүү цагаар ажилласан нь 14.7 хувь, ажлын бус өдөр ажилласан нь 10.2 хувь байжээ. Эдгээр ажилчид нэмэгдэл хөлс авсан эсэхийг тодруулахад 48.3 хувь нь зохих ёсоор авсан байсан бол 51.7 хувь огт аваагүй байна. Нэмэгдэл хөлс аваагүй ажиллагчдын 82.4 хувь нь байгууллагын хариуцлагын хэлбэрийн хувьд хувийн хэвшлийн ААНБ-ууд байна.

Судалгаанаас дараах зөвлөмжийг гаргасан байна.

  1. Цалин хөлсний тогтолцооны хувьд ААНБ ажилласан жил, гүйцэтгэл, ажил үүрэг гэсэн гурван үзүүлэлтийг цогцоор нь харгалзан, ажиллагчдын үндсэн цалинг тогтоосон тохиолдолд улсын дундаж нийт цалингаас хамаагүй өндөр байгаа нь судалгаанаас харагдлаа. Иймээс ажилчдын үндсэн цалинг тогтоохдоо эдгээр үзүүлэлтийг цогцоор нь харгалзан үзэхийг дэмжсэн, зөвлөсөн зөвлөмжийг бодлогын хүрээнд ажил олгогч нарт хүргэх.
  2. Өмнөх 2015 оны судалгааны дүнтэй харьцуулахад Усан хангамж, бохир ус, хог хаягдлын менежмент болон цэвэрлэх үйл ажиллагаа салбарын нийт цалингийн дундаж 2.6 хувиар буурсан байна. Мөн ХАА-н салбарт ажиллаж байгаа ажиллагчдын нийт цалингийн дундаж хамгийн бага хувиар өссөн байна. Энэхүү давтамжит судалгааны үр дүнгээс харахад ХАА-н салбарын ажиллагчид бусад салбаруудыг бодоход хамгийн бага үндсэн цалин авсаар буйг зайлшгүй анхаарах хэрэгтэй юм.
  3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр болон түүнээс бага цалин хөлс олгож байгаа байгууллагуудтай хариуцлага тооцох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлага байгааг анхаарах.
  4. ААНБ-ын Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааны хамтын гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах нь ажиллагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж буй ажиллагчдын тоог багасгах боломжийг бүрдүүлнэ.

ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГАА

 

Судалгааны зорилго нь их, дээд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байран дээр тулгарч буй бэрхшээл болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг бодитойгоор илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль (ИДС), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын (МБСБ) шийдвэр гаргагчид, судлаачдыг тоон мэдээллээр хангахад оршино. Тус судалгааны онцлог нь 2017 онд судалгаанд түүвэрлэгдэн сонгогдсон оролцогчдыг 4 жил дараалан мөшгөн судладаг, панел судалгаа юм. 2015-2016 оны хичээлийн жилд мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагыг мэргэжлийн анхан шатны болон түүнээс дээш бакалаврын боловсрол эзэмшсэн нийт 44.9 мянган төгсөгчдөөс 4909 төгсөгчдийг түүвэрлэн, судалгаанд хамруулсан байна. Судалгааны дүнгээс харахад нийт төгсөгчдийн 60.9 хувь нь хөдөлмөр эрхэлж байгаа бол 16.3 хувь нь ажилгүй, 22.8 хувь нь эдийн засгийн идэвхгүй хэлбэрт байна. Сургуулийн төрлөөр нь тодруулвал ИДС-ийн төгсөгчдийн 68.4 хувь нь, МБСБ төгсөгчдийн 49.0 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Харин хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийг эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж буй эсэхийг тодрууллаа. Хөдөлмөр эрхэлж буй ИДС төгсөгчдийн 69.6 хувь нь,  МБСБ төгсөгчдийн 48.9 хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ хөдөлмөр эрхэлж байна. ИДС төгсөгчдийн хувьд барилга архитектурын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хамгийн өндөр буюу 83.2 хувь байгаа бол компьютер, анагаах ухаан, физик, хими, биологи, газар зүй, математик статистик, нийгэм, эдийн засаг, тээвэр, багш боловсрол судлал зэрэг мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 70.9-76.5 хувьтай байна. Харин хамгийн бага буюу 50.0 хувийн хөдөлмөр эрхэлж буй нь нийгмийн халамж, хангамж, биеийн тамир, спортын мэргэжлийн чиглэлээр төгсөгчид байна. МБСБ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг мэргэжлийн чиглэлээр харахад эрүүл мэндийн салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 69.2 хувь нь, эрчим хүчний салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 58.1 хувь нь, уул уурхайн салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 52.4 хувь нь, барилгын салбарын мэргэжлийн чиглэлээр төгсөгчдийн 50.4 хувь нь бусад мэргэжлийн салбарын төгсөгчидтэй харьцуулахад илүү хөдөлмөр эрхэлж байна. Харин мэдээлэл технологои, ХАА, байгаль орчин аялал жуулчлал зэрэг салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт бусад салбартай харьцуулахад бага байна. Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчид хамгийн түгээмэл тохиолддог ур чадварын дутагдалд багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг чадварыг дурдсан. Төгсөгчид тухайн ажлын байраа олоход 3 төгсөгч тутмын нэг нь ажлын туршлага дутах, 22.2 хувьд нь ажлын байрны хомсдол, 16.9 хувьд нь ажлын байрны мэдээллийн хомсдол, 11.7 хувьд нь мэргэжлийн ур чадварын дутмаг байдал зэрэг хүчин зүйлс хүндрэл бэрхшээл болж байжээ. Ажлын байрны мэдээллийн хомсдол их байгаа нь ажил олгогч байгууллага, төрийн хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж буй байгууллагын мэдээллийн хүртээмж багатай холбоотой байж болох юм. Нөгөө талаас сургалтын байгууллага ажлын байрны мэдээллийг ямар эх сурвалжаас авч болох, хэрхэн хандахыг чиглүүлж өгөх, тэднийг бэлтгэхэд зайлшгүй анхаарах хэрэгтэй юм. Харин ажилгүй байгаа төгсөгчдийн 54.1 хувь нь ажил хайгаад олдохгүй, 25.5 хувь нь мэргэжилд тохирох ажил олдохгүй, 5.3 хувь нь цалин бага, 4.9 хувь ажил олгогчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байгаа учраас хөдөлмөр эрхлээгүй гэсэн хариултыг өгчээ. Ажил хайгаад олдохгүй байгаа төгсөгчдийн 32.0 хувь нь Улаанбаатарт, 68.6 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байна. Ажил хайгаад олдохгүй байгаа ИДС төгсөгчдийг эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр нь тодруулвал 20.4 хувь нь багш, боловсрол судлал, 16.0 хувь нь бизнес удирдлага, 10.3 хувь нь үйлдвэрлэлийн технологи, 8.1 хувь нь бүх төрлийн инженер мэргэжлийн чиглэлээр төгсөгчид байна. Харин МБСБ төгсөгчдийн хувьд 36.0 хувь барилга, 26.3 хувь нь аж үйлдвэрийн, 8.5 хувь нь уул, уурхайн, 6.6 хувь нь тээвэр, 6.2 хувь нь мэдээллийн технологийн мэргэжлийн чиглэлээр төгсөгчид байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна.

Судалгаанаас дараах зөвлөмжийг гаргажээ.

  1. Төгсөгчдийг ЕБС сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох хөтөлбөрт хамруулах, мэргэжил сонголтод нь анхаарах хэрэгтэй байна. Мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс үүдэлтэй мэргэжилд тохирох ажил олдохгүй шалтгааны улмаас ажилгүй, эзэмшсэн боловсрол, мэргэжил, ур чадварт тохирохгүй ажил хийж байгаа төгсөгчид цөөнгүй байна.
  2. Дээд болон мэргэжлийн боловсролын сургуулиудад элсэх үед гарах мэргэжил сонголын алдааг бууруулахад чиглэсэн сургалт, үйлчилгээ, арга хэмжээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
  3. Төгсөгчдийн өөрсдийн тодорхойлсноор дутагдаж буй ур чадварыг багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, гадаад хэлний мэдлэг, математик сэтгэлгээ, тооцоолон бодох зэрэг хувь хүний хөгжлийн ур чадваруудыг юуны түрүүнд нэрлэжээ.
  4. ИДС төгсөгчдийн 60 гаруй хувийг бизнес удирдлага, багш, боловсрол судлал, анагаах ухаан, бүх төрлийн инженерийн чиглэлээр төгсөгчид эзэлж байна. Мөн хувийн өмчийн сургууль төгссөн 10 төгсөгч тутмын 4 нь бизнес удирдлагын мэргэжлийн чиглэлээр төгсөгчид байгааг онцгойлон анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн шингээлтийг нарийвчлан судлах.
  5. Ажилгүй, мэргэжилд тохирох ажил олдохгүй байгаа төгсөгчдийн шалтгааныг нарийвчлан судлах, ажил олгогч ажил хайгчдыг холбох механизмыг сайжруулах.
  6. МБСБ-ын 10 төгсөгч тутмын 4 нь төгссөнөөс хойш жилээс дээш хугацааны дараа ажилд орж байна. Энэ хугацааг богиносгох, хөдөлмөрт бэлтгэх, ажилд ороход чиглүүлэх, сургалтанд хамруулах, идэвхжүүлэх шаардлагатай байна.
  7. Төгсөгчдийн ажлын байр хайх, анкет бөглөх, ярилцлагад бэлтгэх, хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль, эрх зүйн мэдлэгийг сайжруулах сургалтыг төгсөх ангийн суралцагчдын хичээлийн хөтөлбөрийн агуулгад сайтар оруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

 

 АЖИЛ ОЛГОГЧООС АЖИЛТАНД ТАВИХ ШААРДЛАГЫН СУДАЛГАА

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түгээмэл бэлтгэдэг, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа тодорхой найман мэргэжлийн ажлын байранд тавигдах ур чадвар, хэрэгцээг тодорхойлох үүднээс  “Ажил олгогчоос ажилтанд тавих шаардлагын судалгаа”-г анх удаа хийж гүйцэтгэлээ. Судалгааны зорилго нь тодорхой найман мэргэжлийн хүрээнд ажил олгогчид мэргэжилтэнд тавьдаг ерөнхий болон тусгай ур чадварын шаардлагыг тодруулж, сургалтын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг сайжруулахад бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, судлаачдад суурь мэдээлэл бэлтгэх байсан юм. Судалгаанд үсчин, сувилагч, оёмол бүтээгдэхүүний оёдолчин, тогооч, барилгын цахилгаанчин, барилгын сантехникч, хүнд машин, механизмын оператор, гагнуурчин гэсэн 8 мэргэжил тус бүрт тухайн эдийн засгийн салбарын 11-16 компани, нийт 110 ААНБ-ын тухайн мэргэжлийн ажилтныг хариуцан ажилладаг ахлах мэргэжилтэн, инженер, техникч, хүний нөөцийн мэргэжилтэн зэрэг албан тушаалтнуудаас мэдээллийг цуглуулж, боловсруулалтыг хийлээ. Судалгааны үр дүнгээр судалгаанд хамрагдсан ажил олгогчид ажиллагчдаас хамгийн түрүүнд хувь хүний эерэг, зөв хандлагыг чухалчилдаг ба түүний дараа тухайн мэргэжлийн онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг шаарддаг байна. Тухайлбал сувилагч, гагнуурчин мэргэжлийн ажил олгогчдын хувьд хандлагыг маш чухал үзүүлэлт гэж үздэг ба дээрх мэргэжлүүдийн ажил олгогчид ажилтнаас багаар ажиллах, бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадварыг илүү  шаардаж байна. Түүнчлэн ажил олгогчид сувилагч, цахилгаанчин, тогооч, хүнд машин, механизмын оператор ажилд шинээр авахдаа боловсролын түвшинг харгалздаг бол сантехникчийн хувьд нас, хүйсийг нь харгалздаг байна. Ажил олгогчдын 93.0 хувь нь шинэ ажилтнаа сургаж, дадлагажуулж ажиллуулжээ. Тэдний тодорхойлсноор ажилд авсан шинэ ажиллагчдын онолын мэдлэг хангалтгүй гэж 26.0 хувь нь, практик ур чадвар хангалтгүй гэж 51.0 хувь нь үзжээ. Тэд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон бодлого боловсруулагч нарт дадлагыг үйлдвэрийн орчинд, чанартай хийлгэх, сүүлийн үеийн тоног, төхөөрөмжийг эзэмшүүлэх, дадлагажуулах, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, зарим мэргэжлийн чиглэлийг илүү нарийвчлан төрөлжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэхэд хувийн хэвшил, томоохон компаниудтай хамтран ажиллаж, цалинтай дадлага хийлгэх боломж буйг илэрхийлсэн байна. Тус судалгааны үр дүнд дурдсан найман мэргэжлийн хүрээнд ажил олгогчоос ажилтанд тавиж буй шаардлагыг мэргэжил тус бүрээр тодорхойлон гаргаснаараа МБСБ-ын сургалтын хөтөлбөрт чухал ач холбогдолтой юм.

ЗАЛУУЧУУДЫН АЖИЛГҮЙДЭЛ, ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГАА

2016 оны байдлаар Монгол Улсад 15-34 насны 1080.1 мянган залуучууд байгаа нь нийт хүн амын 34.6 хувь, 15 ба түүнээс дээш насны хүн амын 66.1 хувийг эзэлж байна. Харин улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 10 хувьтай байгаагаас залуучуудын ажилгүйдлийн түвшин улсын дунджаас 2 дахин өндөр байна. Энэхүү судалгааны зорилго нь залуучуудын эдийн засгийн идэвхгүй байдал, ажилгүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, тэдгээр залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулахад шаардлагатай байгаа арга замыг тодорхойлоход оршино. Судалгаанд Улаанбаатар хот бол 8 аймгийн 15-34 насны 749 залуучуудыг хамрууллаа. Залуучуудын хөдөлмөр эрхлээгүй шалтгааныг тодруулахад 49.5 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь ажил хайгаад олдоогүй, 38.1 хувь нь хүүхэд асарч байгаа, 10.1 хувь нь гэрийн ажилтай, 9.4 хувь нь жирэмсэн, 2.1 хувь нь ажиллахыг хүссэн ч шантарсан, 1.9 хувь нь ажил хийхийг хүсээгүй гэсэн байна. Мөн тэдний 53.5 хувь нь харьяа ХХҮГ-т ажил хайгчаар бүртгүүлсэн, 29.6 хувь нь хамаатан болон найз нөхдөөсөө сурагласан, 27.4 хувь нь сонингоос ажлын зар хайсан байна. Ажил хайгаагүй залуучуудын 78.0 хувь нь жирэмсэн, хүүхэд, өндөр настан, өвчтөн асарч байгаа, 6.0 хувь нь хүсэл сонирхолд нийцсэн тохиромжтой ажил олддоггүй, ажил олдоно гэсэн итгэл байхгүйгээс ажил хайгаагүй байна. Сүүлийн 12 сарын хугацаанд эдийн засгийн идэвхгүй төлөвт байсан залуучуудын 22.0 хувь нь ажил хийхийг хүсэж байгаа боловч ямар нэгэн алхам хийгээгүй гэсэн үр дүн гарчээ. Залуучуудын төрийн байгууллага, эсвэл ХХК-д байнгын ажлын байранд ердийн ажлын цагийн горимоор ажиллаж, өдөрт 25 мянгаас дээш төгрөгөөр цалинжихыг хүсэж байна. Судалгааны дүнд үндэслэн залуучуудыг хөдөлмөрийн зах зээлд татан оролцуулахад анхаарах асуудлаар олон талт санал, зөвлөмжийг боловсруулжээ.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Үйл ажиллагааны тайлан 2022.06.25

Үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, биелэлт2 жил өмнө

Гүйцэтгэлийн тайлан 2022.06.25

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

“ОРОЛЦОО” ТӨСЛИЙН НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Бусад2 жил өмнө

Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүртгэж байна.

Ёс зүйн дүрэм2 жил өмнө

Өргөдөл гомдол шийдвэрлэлтийн тайлан

Видео2 жил өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, залуусын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “ОРОЛЦОО” төслийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

ОРОЛЦОО төсөлд хэрхэн бүртгүүлэх вэ

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр2 жил өмнө

Нийслэлийн 🚀”СТАРТАП 2022″🚀 арга хэмжээ 06-р сарын 14-нөөс 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдаж, дүүрэг бүрээс шилдэг 2 баг, нийт 18 баг тус тус 10 сая төгрөгийн санхүүжилтээ гардан авлаа. 👏🎉

Цаг үеийн мэдээ2 жил өмнө

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар ХАБЭА үндсэн зааварчилгаа

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай салбар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг хэрэгжүүлж байгаа

Мэдээ3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ”

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ, СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ӨДӨРЛӨГТ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА

Цаг үеийн мэдээ3 жил өмнө

Манай улсын нийт ажиллах хүч буюу 1.2 сая нь ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас, Үүний 52 хувь нь эрэгтэйчүүд байна

Өдөрлөг, яармаг зохион байгуулах3 жил өмнө

“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО, МАНЛАЙЛАЛ” ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН 03-Р САРЫН 14-НД БОЛНО

Видео3 жил өмнө

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд бичил бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийг дэмжих 5-10 сая төгрөгийн жижиг зээлийг олгож байна.

Видео3 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Видео3 жил өмнө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр ахмадын тэтгэврийг нэмэгдүүлсэн асуудлаар “Долоо хоног” тоймчийн хөтөлбөрт мэдээлэл өглөө