Цаг үеийн мэдээ
Хорихоос суллагдсан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж байна
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар ШШГЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хорихоос суллагдсан ч ажлын байр, ажиллах орчин нөхцлөөр хангагдаж чадахгүй байгаа иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл өгөх ээлжит сургалтаа энэ сарын 18-наас эхлүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар тус сургалтанд хорих 407, 427, 461, 431 дүгээр ангийн 535 хүмүүжигч хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл авч, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөнд хамрагдлаа.
Хорихоос суллагдсан хүмүүжигчдийн хувьд хамгийн ээлтэй байгууллага бол хөдөлмөр эрхлэлтийн газар гэдгийг энэ үеэр тэд хэлж байв. Учир нь тэдэнд хорихоос суллагдаад нийгэмшихэд нь ажлын байраас гадна хүмүүсийн хандлага хамгийн том бэрхшээл болдог. Тиймээс тус газрын мэргэжилтнүүд хүмүүжигч нарт юун түрүүнд “Та хэн бэ, ямар онцлогтой, юунд сонирхолтой буюу өөрийгөө таньж мэдэх, олох, зөв хандлага төлөвшүүлэх” зорилго бүхий сургалт давхар явуулж, нээлттэй ярилцан, зөвлөгөө өгч хэвшсэн сайн туршлагатай. Ажил мэргэжлийн баримжаагаа тодорхойлж, зорилго чиглэлээ зөв олсон хүмүүжигч нар эргээд хөдөлмөр эрхлэлтийг байгууллагатай холбогдож, ажлын байранд зуучлагдан үлгэр жишээ сайн хүмүүжиж, орлоготой амьдарч байгаа сайн жишээ олон. Тухайлбал “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 15 дугаар зүйлийн хүрээнд /ажил олгогчийг дэмжих/ дэмжлэг авч, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, орлого олж буй юм.
Сургалтын ач холбогдол нь хорихоос суллагдах иргэд хөдөлмөрийн зах зээлийн талаар тодорхой мэдээлэл, чиглэлтэй болж, өөрийн ур чадвар, хүсэл сонирхолд нийцүүлэн ажил мэргэжлээ зөв сонгох, хөдөлмөр эрхлэлтийн талаар төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хамрагдаж, зээл болон санхүүгийн дэмжлэг авч, өөртөө болон бусдад ажлын байр бий болгох боломж бүрддэгээрээ давуу талтай юм.