Бусад
Харвардын профессорын жин хасахад туслах 6 дадал.
Орчин үеийн трэнд өвчний нэг бол яах аргагүй таргалалт буюу биеийн жингийн илүүдэл юм. Биеийн жингээ бууруулах олон янзын арга байдгаас эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн, тодорхой эрсдэл дагуулсан, ашиг сонирхол агуулсан арга манай улсад цөөнгүй ажиглагдаж байна. Иймд эрүүл мэнддээ ам дамжсан яриа, эх сурвалж хангалтгүй, нотлогдоогүй аргыг хэрхэвч хэрэглэж болохгүй.
Тэгвэл жин хасахад туслах эрүүл шинжлэх ухаанч дадлыг та бүхэнд хүргэе. Харвардын Анагаах Ухааны Сургуулийн Хоол хүнс шим тэжээлийн тэнхимийн доктор, профессор Жорж Л.Блэкбөрны жингээ хасахад туслах сонирхолтой 6 дадлын талаар өгүүлье.
1-рт идэж буй зүйл, зуршилдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй
Хэрвээ та амьдралын хэв маяг, идэх зуршилдаа өөрчлөлт оруулахгүй бол биеийн жин нэмэгдсээр байгаад зүрх судас, дотоод шүүрэл зэрэг эрхтэн системд нөлөөлөх сөрөг нөлөө ар араасаа бий болгосоор байна. Жингээ хасахад хамгийн чухал зүйл бол идэж буй хоол хүнсэндээ хүндэтгэлтэй хандах дадал юм. Тухайлбал, аливаа хоол хүнсний зүйлсийг шууд ам руугаа хийхээсээ илүүтэй ширээн дээр сууж, аяга тавган дээр тавин хүндэтгэлтэйгээр идэх хэрэгтэй. Энэ нь хоолны амтыг нэмэгдүүлэн хоол идсэн мэдрэмж төрүүлэн зөв хооллоход туслана гэсэн үг.
Мөн өлсөх мэдрэмжээ ч хүндлэх хэрэгтэй. Өлссөн бол гүрийхгүйгээр бага зэрэг юм идэж таалагдсан зүйл байвал ганц хоёр идэж болно. Яагаад гэвэл таалагдсан зүйлээ идэхгүй хориглох, хэт их өлсөх нь хэт их идэх, замбараагүй идэх зэрэг буруу зуршлийг үүсгэж байдаг хэмээн олон судалгааны үр дүн гарсан байдаг.
2-рт эрүүл хоол бэлтгэхдээ цаг гаргаж сурах
Гэртээ бэлтгэсэн хоол нь гадуур идэх хоолноос калори, өөх тос, сахар, давс бага агуулах боломжтой байдаг. Үүнээс гадна өөрөө хоол бэлтгэж идэх нь эрүүл хооллохоос гадна цадах мэдрэмжийн босго багасах, хэт их идэх зуршил багассанаар зөв зохистой хооллох дадал үүсэхэд тусалдаг. Гэхдээ хоол хүнсэндээ хэрэглэх зүйлсээ зөв сонгох, эдгээр хүнсээр зөв өөртөө тохирсон хоол хийх нь амьдралын зөв хэв маягт суралцахад сайнаар нөлөөлнө.
Профессор Блэкбөрн хэлэхдээ “Та долоо хонгийн хуваарьтаа хүнсээ цуглуулах, хоол хийх цагийг тусгалан гаргах хэрэгтэй, ингэж чадвал хоолны дэглэм барихад тустай” хэмээн үздэг. Улмаар дараа долоо хонгийнхоо төлөвлөгөөг гаргахад ердөө бүтэн сайны орой 15-30 минут байхад болно. Хоол хийх цагаа хэмнэхийн тулд хэрчсэн ногоо болон бүхэл үрийн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэж болно.
3-рт хоолоо аль болох удаан идэж дадах
Та хоол идэх бүртээ ухаалаг утас эсвэл цаг ашиглан 20 минутаас дээш хугацаагаар хоол идэж сурах хэрэгтэй. Яагаад гэвэл ходоодонд хоол орж эхэлсэнээс хойш 20 минутын дараа ходоод гэдэсний гормон, рецептор тархи руу цадсан мэдрэмжийг үүсгэж байдаг. Хэрвээ та хоолоо хурдан идвэл удаан хооллосон хэмжээнээсээ 2-3 дахин их идэхэд хүргэнэ. Хоолоо удаан идэж цагаа уртасгахын тулд аль болох удаан зажлах, идсэнийхээ дараа юм ярих, шингэн зүйл уух зэргээр амсхийж байх хэрэгтэй.
4-рт өглөөний цайнаасаа эхлэн хоолны хэмжээг багасгах зарчим баримтлах хэрэгтэй
Та бид энэ зуршилаас эсрэгээр өглөө өлөн гараад өдөр бага зэрэг идэж, улмаар орой ихээр иддэг. Энэ бол маш буруу дадал учраас өглөө, өдөр аль болох хоолныхоо ихэнх хэсгийг идэж, орой бага зэрэг идэх хэрэгтэй. Өглөөний цай нь таны өдрийн турш явагдах бодисын солилцоог дэмжиж өгснөөр өөх тосыг шатаадаг ферментийг идэвхжүүлж байдаг.
Мөн өглөөний цайгаа бага хэмжээгээр уух эсвэл огт уухгүй бол үдийн цайны цаг хүртэл таныг их өлсгөсний улмаас хэтрүүлэн идэх магадлалтай. Ер нь хоол идэх бүртээ 450ккал-ийг авч чадах юм бол өлсөх мэдрэмж тэр бүр үүсээд байдаггүй.
5-рт аль болох сайн унтаж амрах
Маш олон судалгаагаар бага унтвал таргалуулна гэдгийг тогтоосон байдаг. Бие организм цаанаасаа 6 цагаас бага унтвал стресстэж хооллох зуршил тогтворгүй болсоноор буруу хооллож эхэлдэг. Хэрвээ та унтаж чадахгүй эсвэл сэргэг унтдаг бол нойрсуулах эм биш хөдөлгөөн эмчилгээний арга хэрэглэж үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг.
6-рт биеийн жингээ ойр ойрхон үзэх
Хэрвээ таньд жинлүүр байхгүй бол заавал аваарай. Ханандаа календарь өлгөн жингээ үзсэн өдрөө тэмдэглэж өдөр болгон жинлэсэн дүнгээ тэмдэглээрэй. Энэ үйлдэл нь ердөө хэдхэн секунд зарцуулах бөгөөд энэ нь таныг зорилгодоо хүрэхэд илүүтэй туслах болно.
Ихэнх хүмүүс идсэн болон шатаасан ккал-оо хянах нь хэцүү гэж үздэг. Гэхдээ та өдөр болгон жингээ үзэх юм бол та хүссэн бүхнээ мэдэх боломжтой. Нэмж хэлэхэд судалгаагаар жингээ ойр ойрхон үзсэн хүмүүс илүүтэйгээр турсан байдаг бөгөөд цаашид турсаар л байдаг.
Та бүхэнд чухалчлан захихад турах бүтээгдэхүүн хэрэглэх, сүлжээний зүйл хэрэглэхээс илүүтэйгээр дээрх дадлыг ашиглаж зөв эрүүл байдлаар тураарай хэмээн захимаар байна. Харвардын профессорын жингээ хасах 6 дадлыг дэлгэрүүлэх бол дараах подкастаас сонсоорой.
Эх сурвалж: Harvard Health Publishing