Цаг үеийн мэдээ
ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах “ХАЛАМЖААС-ХӨДӨЛМӨРТ” өдөрлөг арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл зөвлөгөө өгөх, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оролцоо” төсөл болон Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдсан иргэд, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаад нутаг буцаж ирсэн иргэдийг байнгын ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Энэ үеэр ажил олгогчид нээлттэй ажлын байраа танилцуулж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийх, ажлын ярилцлага явуулах, Хөдөлмөрийн байгууллагууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг танилцуулах, хөдөлмөрийн эрх зүйн зөвлөгөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэдээллээр хангах, ажилд зуучлах, Иргэний өмнөх мэдлэг, ур чадварыг үнэлэх, гэрчилгээжүүлэх үйлчилгээг танилцуулах, бүртгэл хийх үйл ажиллагааг нэг цэгээс хүргэж байна.
Монгол Улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Оролцоо” төсөлд оролцогч ажил хайгч залуучууд, БНСУ-д хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж нутаг буцаж ирсэн ажил хайгч иргэд, Гадаад улсад технологийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар эзэмшсэн иргэд, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн гишүүн, иргэн, Нийслэлд оршин суугч ажил хайгч иргэн, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, коллежийн төгсөгчдөд гар утасны “масс мессеж” үйлчилгээгээр дамжуулан урилга хүргүүлэн түлхүү хамруулж байна.
Арга хэмжээний үеэр ажил олгогч 51 аж ахуйн нэгж байгууллага 3359 нээлттэй ажлын байр танилцуулж, бүртгэл хийж байна. Үүнээс гадна Хөдөлмөрийн 15 хувийн бирж өөрт бүртгэлтэй нээлттэй ажлын байруудаа танилцууж байна.
Арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол улс дахь EPS төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн төвийн дүүргүүдийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Ажил олгогч топ аж ахуйн нэгж байгууллагууд, Хөдөлмөрийн биржүүд, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сүлжээ байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Монгол Японы хүний нөөцийн хөгжлийн төв зэрэг 80 гаруй байгууллага оролцож байна.