Хууль эрх зүй
Төрийн албаны тухай хууль / шинэчилсэн найруулга/
ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦААТАЙ ХОЛБООТОЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ
1.”Байнгын ажлын байр” гэж юуг хэлэх вэ?
Хариулт: Ажил олгогчийн заасан ажлын байранд, түүнээс олгосон багаж хэрэгслийг ашиглан, байгууллагын захиргаанаас баталсан дүрэм, журмыг мөрдлөг болгож, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар тасралтгүй гүйцэтгэх ажил, үүргийг хэлнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15/
2. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болох уу?
Хариулт: Хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулж нэг хувийг ажилтан авах ёстой. Улмаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол түүнээс ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1/
3. Асуулт: Ажилтантай туршилтын хугацаанд түр гэрээ байгуулж болох уу?
Хариулт: Тухайн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаад туршилтын хугацаа /3 сар хүртэл/-г зааж өгнө. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно. Туршилтын түр гэрээ гэж байхгүй. /Хөдөлмөрийн хуулийн 231-р зүйл/
4. Асуулт: “Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна” гэснийг юу гэж ойлгох вэ?
Хариулт: Тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд оролцож, байнгын ажлын байранд ажиллаж байгаа хүмүүс /ажилтнууд/-тэй хугацаагүй гэрээ байгуулна. /Хөдөлмөрийн хуулийн 23-р зүйл/
5. Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах уу?
Хариулт: Хөдөлмөрийн тухай хуульд “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг байгуулахгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.16-д заасны дагуу хариуцлага тооцохоор заасан. /Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3/
6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа эргэж ажилдаа орох эрхтэй юу?
Хариулт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болж хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон ажилтан эдгэрснийхээ дараа нэг сарын дотор эргэж ажилдаа орохоор ирсэн бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй. Эдгэрсэн гэдгийг эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс тодорхойлно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйл/
7.Ямар тохиолдолд илүү цагийн хөлсийг 1,5 дахин нэмэгдүүлэн олгох вэ?
Хариулт: Хөдөлмөрийн дотоод жтогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажиллаад нөхөн амраагүй бол 1,5 дахин буюу түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс авна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйл/
8. Долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан бол хэзээ нөхөн амруулах вэ?
Хариулт: Ажил олгогч ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан аль тохиромжтой өдөр нь амраана. /Хөдөлмөрийн тухай хуулийн 77-р зүйл/
9.Үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан бол ямар нөхөн төлбөр олгох вэ?
Хариулт: Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно. / Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл/
10.Жирэмсэн эмэгтэйг ажлаас халж болох уу?
Хариулт: Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, хөрөнгө мөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан тохиолдолд ажлаас хална. /Хөдөлмөрийн хуулийн 100-р зүйл/
11.Хэд хүртлэх насны хүүхэдтэй эхийг шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах вэ?
Хариулт: Жирэмсэн эмэгтэй, 8 хүртэл насны хүүхэдтэй эх, 16 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, мөн албан томилолтоор ажиллуулахыг хориглодог. /Хөдөлмөрийн тухай хуулийн 102-р зүйл/
12. Хэдэн настай хүн хүрсэн хүн ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх үүсэх вэ?
Хариулт: Мэргэжлийн баримжаа, ажлын дадлага олгох зорилгоор 15 насанд хүрсэн хүнтэй эцэг эх, асран хамгаалагч болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р зүйл/
13. Насанд хүрээгүй ажилтныг ямар тохиолдолд ажиллуулахыг хориглох вэ?
Хариулт: Насанд хүрээгүй ажилтныг шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 109-р зүйл/
14.Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулаагүйгээс хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг юунд зарцуулах вэ?
Хариулт: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. /Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р зүйл/
15.Хамтын маргаан гэж юуг хэлж байна вэ?
Хариулт: Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг хамтын маргаан гэнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.9 дэх заалт/
16.Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хэн шийдвэрлэх вэ?
Хариулт: Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хөдөлмөрийн маргааныг таслах комисс, эвлэрүүлэн зуучлах төв, шүүх харьяаллын дагуу тус тус шийдвэрлэнэ. /Хөдөлмөрийн тухай хуулийн 125-р зүйл/
17.Ямар маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх вэ?
Хариулт: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд заасан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ.
18. Шүүхэд маргаан ямар хугацаанд шийдвэрлэх вэ?
Хариулт: Үндэслэлгүйгээр ажлаасаа халагдах болон өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо нэг сарын хугацаанд багтаан, үүнээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гаргах эрхтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйл/
19. Шүүхэд хандах хугацаа хэтэрсэн бол яах вэ?
Хариулт: Шүүхэд хандах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргана. Шүүх үндэслэлтэй гэж үзвэл уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. /Хөдөлмөрийн тухай хуулийн 129-р зүйл/
20. Хөдөлмөрийн харилцаанд олон нийтийн хяналтыг хэн тавих эрхтэй вэ?
Хариулт: Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах МҮЭХ болон төрийн бус байгууллага, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд эрх хэмжээнийхээ дагуу олон нийтийн хяналт тавих эрхтэй. /Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйл/
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд
Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын гэрээ, конвенциуд
- Аж үйлдвэрийн салбарт ажилд авах насны доод хязгаарын тухай 59 дүгээр конвенц [86.64 Kb]
- Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенц [76.21 Kb]
- Алагчилахгүй байх (ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлт) тухай 111 дүгээр конвенцийн 111 дүгээр зөвлөмж[56.13 Kb]
- Албадан хөдөлмөрийн тухай 105 дугаар конвенц [57.32 Kb]
- Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенц [104 Kb]
- Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенц [74.96 Kb]
- Газар доор буюу уурхайд ажиллагсадын насны доод хязгаарын тухай 123 дугаар конвенцийн 124-р зөвлөмж[44.8 Kb]
- Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенц [73.48 Kb]
- Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын тухай 122 дугаар конвенцийн 122 дугаар зөвлөмж [148.9 Kb]
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенц [105.73 Kb]
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийн 164 дүгээр зөвлөмж [92.48 Kb]
- Хөдөлмөрийн насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенц [103.4 Kb]
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай 87 дугаар конвенц [86.53 Kb]
- Эхчүүдийг хамгаалах тухай 103 дугаар конвенц [95.48 Kb]
- Зохион байгуулах, хамтын хэлэлцээ хийх эрхийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 98 дугаар конвенц [133.52 Kb]
- Тэгш шан хөлс олгох тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 100 дугаар конвенц, түүний 90 дүгээр зөвлөмж [131.82 Kb]
- Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 135 дугаар конвенц [128.39 Kb]
- Үйлдвэрийн газарт ажилчдын төлөөлөгчдийн эрхийг хамгаалах болон тэдэнд олгогдох бололцооны тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 143 дугаар зөвлөмж [105.87 Kb]
- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай ОУХБ-ын 88 дугаар конвенц [2.77 Mb]
- Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай ОУХБ-ын 181 дүгээр конвенц [2.7 Mb]
- Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 144 дүгээр конвенц [103.98 Kb]
- Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний хэрэгжилтийг дэмжих гурван талт зөвлөлдөөний тухай 152 дугаар зөвлөмж [96.44 Kb]
- Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай 159 дүгээр конвенц [110.49 Kb]
- Тахир дутуу хүмүүсийн мэргэжлийн нөхөн сэргээлт, хөдөлмөр эрхлэлтийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 168 дугаар зөвлөмж [135.92 Kb]
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 182 дугаар конвенц [107.97 Kb]
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (Шинэчилсэн найруулга)
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (Шинэчилсэн найруулга)