Өдөрлөг, яармаг зохион байгуулах
Нээлттэй хаалганы өдөрлөг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд 11:00 цагаас 16:00 цагийн хооронд Нийслэлийн нийгмийн халамжийн газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрууд хамтран зохион байгуулсан.
Тус өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа бүхий салбарын төлөөлөгчид, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газар, Нийгмийн хамгааллын тусгай төв, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд оролцсон.
Өдөрлөгийн зорилго нь нийслэлийн иргэдэд нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын үйлчилгээг нэг дороос үзүүлэн үйл ажиллагаагаа сурталчилан таниулахад чиглэгдсэн.
Өдөрлөгийн үеэр Нийслэл, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст 1535 нээлттэй ажлын байр зарлагдаж, 1046 иргэн мэдээлэл, зөвлөгөө авсан бөгөөд 493 иргэн ажлын байранд зуучлагдсан байна.
Мөн нийгмийн халамжийн чиглэлээр 5384, эрүүл мэнд, даатгалын чиглэлээр 1262 иргэнд үйлчилгээ үзүүлэн мэдээлэл зөвлөгөө өгсөн.