Цаг үеийн мэдээ
НХЭГ-ын хамт олон “Ажилд хүрэх зам” бүтээлтэй танилцлаа
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын хамт олон өнөөдөр LEAD Mongolia хөтөлбөрийн “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төслийн баг”-ийн бүтээл “Ажилд хүрэх зам” баримтат киног үзэж, сонирхлоо.
Уг кино нь ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын цаад шалтгаануудын олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Кино нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж, хөдөөнөөс малаа алдаад нүүж ирсэн айлын өрлөгчин охин, сонсголын бэрхшээлтэй залуу гэсэн 3 дүрийн ажилтай болж, амьдралаа дээшлүүлэх гэсэн хүсэл тэмүүлэл, учирч буй саад бэрхшээлүүдийн талаар өгүүлжээ.
Манай улсад 12 мянга гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн байдаг. Эдгээр иргэн төрөөс сар бүр 141 мянган төгрөгийн халамж хүртэж, амьдардаг. Хэдий хуулиндаа хөгжлийн бэрхшээлтэй эсвэл одой иргэнийг ажилд заавал авах квот тогтоож өгсөн ч ажил олгогчид ихэвчлэн эрсдлээс айсандаа эсвэл зүгээр л төвөгшөөсөндөө нөхөн төлбөр төлчихдөг гэжээ. Үүнээс гадна нийт техник мэргэжлийн боловсролтой төгсөгчдийн 30% нь зах зээлд ажилгүй байна. Мөн ажил хайгчдын 50 хувь нь хүмүүс таньдаг хүнээ ажилд авдаг. Идэвхитэй ажил хайгчдын 48% нь 6 сараас дээш ажил олдохгүй байна гэдгийг уг кинонд онцолжээ.
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь дээрх зорилтот иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, зөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажилладаг. Тухайлбал: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар аж ахуй эрхлэлтийн сургалт, ажил олгогчийг дэмжих, ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ажиллаж байна. Энэ хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрын дэмжих хөтөлбөр”-ийн ажлын байрны түрээсийн хөнгөлөлтөнд нийт 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж, 40%-ийн хөнгөлөлт эдлүүлэх юм. Мөн 905 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд аж ахуй эрхлэгчийн сургалтыг мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран явуулахаар ажиллаж байна. Мөн МСҮТ-ийг төгсөгчдийн ажлыг байрыг дэмжих зорилготой “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа тухайгаа төслийн багийнханд дуулгаж, цаашид эдгээр иргэдэд ээлтэй нийгэм бий болгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах вэ зэргээр санал бодлоо солилцсон юм. Тус киноны танилцуулгыг доорх линкээр үзээрэй.
.