Цаг үеийн мэдээ
“МОНГОЛ УР ЧАДВАР -2020” УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг, Мэргэжлийн холбоодтой хамтран “МОНГОЛ УР ЧАДВАР -2020” ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна.
Монгол Ур Чадвар тэмцээний ялагч 2021 онд БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.
Тэмцээн гагнуур, барилгын өрөг-угсралт, барилгын цахилгаан, мужаан, сантехник, тогооч, токарь гэсэн 7 төрлөөр болж байгаа бөгөөд 21 аймаг 9 дүүргээс шалгарч ирсэн шилдэг суралцагчид өрсөлдөж, ур чадвараа сорьж байна.
Эхний шатны шалгаруулалтад 32 Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 80 орчим оролцогч ур чадвар, авхаалж самбаагаа уралдуулж байна. Тодруулбал, модон эдлэлийн мужаан 9, сантехникч 10, цахилгаанчин 14, өрөг угсрагч 5, гагнуурчин 17, токарьчин 9, тогооч 14 оролцогчидтой үргэлжилж байгаа юм. Тэмцээнийг төрөл бүрээр мэргэжлийн холбоод, ТББ байгууллагууд хамтран өндөр түвшинд зохион байгуулж байна. Тухайлбал, мужааны тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээ мэдээлэл арга зүйн төв, ГОУХАН-ын Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын төсөл, Worldskills Mongolia буюу Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл ТББ, Монголын Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын ой модны үйлдвэрүүдийн ассоциацийн хамтарсан баг ажиллаж байна.
Харин Тогоочийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг Монголын мастер тогоочдын сургалтын төв дээр зохион байгуулж байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол сургалтын түншлэл ТББ, Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөл хамтран зохион байгуулж мастер тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Мөн CNC токарьчин, гагнуурчны тэмцээн нь Өмнөговь аймгийн Политехник коллежийн багш сурагчдын өөрсдийн гараар бүтээн босгосон дадлагын баазад болж байгаа юм. Энэ мэт тэмцээний төрөл тус бүр сонирхолтой, өрсөлдөөнтэй үргэлжилж байна.
Үүнээс гадна зарим аймгуудаас 1-р дамжааны суралцагчид тэмцээний үйл явцтай танилцаж, туршлага хуримтлуулах, дараа дараагийн тэмцээнд бэлдэх зорилгоор багш нартайгаа зорьж иржээ. Мөн мэргэжлийн боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, бэлтгэн гаргаж буй мэргэжилтний үнэлэмжийг өсгөхөд Монгол ур чадвар тэмцээн ихээхэн ач холбогдолтой юм.
#ХаламжаасХөдөлмөрт