Цаг үеийн мэдээ
АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ӨДӨРЛӨГ
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг дүүрэг, хороодын онцлог, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан нийслэлийн хэмжээнд түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх, иргэд ажил мэргэжлийн ирээдүйгээ зөв баримжаалж, сурч, ажиллаж, хөгжих боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс иргэд, аж ахуйн нэгж байгуулагад хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажиллаж, ажилд зуучлах үйлчилгээнд шинэ арга хэлбэрийг туршин нэвтрүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. 2019 онд нийт 35 удаагийн Ажлын байрны өдөрлөг, мөн онлайн зуучлалын арга хэмжээ зохион байгуулж нийт 22000 орчим иргэнийг ажлын шууд ярилцлагад хамруулсан бөгөөд энэ удаад “Ажил мэргэжлийн зөвлөх үйлчилгээг танилцуулах өдөрлөг”-ийг анх удаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн хамтран ажил мэргэжлийн зөвлөгөө, сэтгэл зүйн тест оношилгоо, мэргэжлийн сонирхол тодорхойлох оношилгоо, бие хүний зан төлвийн оношилгоо, хөдөлмөрийн харилцааны талаарх хууль зүйн зөвлөгөө, “Тогтвортой ажлын байр” сэдэвт ажил олгогчдын хэлэлцүүлэг зэргийг нэг дор зохион байгуулж байгаа юм. Мөн энэ үеэр “Үлэмж гросерс” ХХК-ийн Ажлын байрны өдөрлөг 2019 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний хооронд 2 өдөр үргэлжлэх бөгөөд 140 орчим нээлттэй ажлын байранд ажлын шууд ярилцлага хийгдэж байна. Түүнчлэн Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйчилгээний ерөнхий газраас зохион байгуулан хэрэгжүүлж буй Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн цогц сургалтанд иргэдийг бүртгэж байна. Энэхүү сургалт нь сонгосон мэргэжлээс шалтгаалж 16-20 долоо хоног үргэлжлэх ба модульт сургалт, мэргэжлийн сургалт /8 мэргэжил/, ажлын байран дээрх дадлага, ажил хайх ур чадварын сургалт, сургалтын дараах дэмжлэг, чадамжийн хөндлөнгийн үнэлгээ зэрэг үе шаттай хэрэгжинэ. Сургалтанд хамрагдсан иргэд тухайн мэргэшлийн 2-р түвшний чадамжийг бүрэн эзэмших, ажил эрхлэхэд шаардагадах цогц ур чадварт суралцах, 100% үнэ төлбөргүй хамрагдах төдийгүй сургалт дадлагын хугацаанд хоол унааны зардлыг өдрийн 5000 төгрөгөөр тооцож авах зэрэг боломжуудыг эдэлнэ. Цогц сургалтад хамрагдахыг хүссэн иргэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд Дүнжингарав дахь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон харьяа дүүргийнхээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандаж бүртгүүлэх боломжтой. /Бүртгүүлэхдээ байнгын, эсвэл түр оршин суугчийн хорооны тодорхойлолтыг авч ирэн, хөдөлмөрийн мэргэжилтнээс сургалтад суух хүсэлтийн анкетыг авч бөглөнө/
👉Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
✅Ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх
✅Хөдөлмөрийн харилцааны чиглэлээр хууль зүйн зөвлөгөө өгөх
✅Сэтгэл зүйн анхан шатны тестүүд
✅Мэргэжлийн сонирхлын оношилгоо
✅Бие хүний зан төлвийн оношилгоо
✅Ажил хайж буй иргэдэд чиглэсэн сургалт
✅Ажил олгогчдын “Тогтвортой ажлын байр” хэлэлцүүлэг
🕙Хэзээ: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
11.00-15.00 цагт
👉Хаана: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт байрлах Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд