Сүүлд нэмэгдсэн

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд явуулын оффисоор Улаан чулуутын хогийн цэг болон Олон улсын Нарантуул худалдааны төвд ажиллав




    2019.06.10
    Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд явуулын оффисоор Улаан чулуутын хогийн цэг болон Олон улсын Нарантуул худалдааны төвд ажиллав.

    Энэхүү үйл ажиллагааны зорилго нь тус газруудад ажиллаж буй иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах, санал хүсэлтийг сонсох, цаашлаад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нийгмийн хөгжлийн чиглэлээрх төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулан оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх явдал байв.

    Өнөөдрийн арга хэмжээнд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Сайд С.Чинзориг, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа  болон Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

    Энэ үеэр “Харилцааны хөгжил төв" ТББ-ын үйл ажиллагаа, Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн нөхцөл байдалтай танилцан Нарантуул худалдааны төвд худалдаа эрхэлдэг иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонссон юм.

    “Харилцааны хөгжил төв” ТББ нь 2013 онд  байгуулагдсан ба Улаан чулуутын хогийн цэг дээр ажиллаж амьдарч байгаа иргэдийн сургууль завсардсан хүүхэд, залууст дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг юм. Анх 2014 онд сургалтын төв байгуулагдахдаа хогийн цэг дээр ажиллаж байсан 10 гаруй хүүхдийг сургалтад хамруулж, нийгэмшүүлэх үйл ажиллагааг эхлүүлж байжээ. Одоо тус төвд 50 гаруй хүүхэд гурван ангиар хичээллэж, сургалтын хөтөлбөрт хамрагдаж байна.

    Үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд өнөөдрийн ажлын хүрээнд дүгнэлт гарган, ойрын болон дунд хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад хүргүүлэхээр боллоо.