Гамшгаас хамгаалах дадлага сургуулилт боллоо



    Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээллэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулагддаг уламжлалтай.

    Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг тус тус хэрэгжүүлэх ажлын хүрээнд зарлан мэдээллийн дохиогоор ажиллах нэгдсэн дадлага, сургуулилт нь газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, танин мэдүүлэх зорилготой юм.

    Гамшгийн аюулын дохио өнөөдөр 16:00 цагт дуугарсны дараа Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын алба хаагчид цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулж Д.Сүхбаатарын талбайд цугларлаа.  

    Энэхүү дадлага нь газар хөдлөлтийн гамшгийн аюул тулгарсан үед төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бэлэн байдлыг хангуулах, нийслэл хотод суурилуулсан төвлөрсөн зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал үйлчлэх хүрээг шалгах, иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.