Сүүлд нэмэгдсэн

    “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ФОРУМ-2018 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



    Нийгмийн олон талын оролцоонд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, техник технологийн болон менежментийн өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага, түүнийг хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэх зорилгоор Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээг “Нэг өрх-Нэг ажлын байр” уриан дор зохион байгуулав.
    Форум 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Туушин” зочид буудлын “Соёмбо” танхимд зохион байгуулагдсан ба хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван тал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухааны салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогч аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид зэрэг 300 гаруй төлөөлөл оролцлоо.
    “Хөдөлмөр эрхлэлтийн форум-2018” арга хэмжээ нь Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа төдийгүй “Нэг өрх-Нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг судалгаанд тулгуурлан хөндсөнөөрөө онцлог болов. Мөн “Миллениалуудын карьерыг хэрхэн удирдах вэ?” сэдвээр “United business review” ХХК-ий Захирал Д.Асралт илтгэл тавьсан нь форумын нэгэн шигтгээ байлаа. 
    Форумыг Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нээж үг хэлсэн ба нэгдсэн хуралдаан, салбар хуралдаанууд нь панелисттай хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдсан. 
    Нэгдсэн хуралдаан нь “Хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” чиглэлээр зохион байгуулагдаж, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын дарга П.Батхүлэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн эрдэм шинжилгээний ажилтан М.Алтангэрэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарын үндсэн илтгэлүүд тавигдлаа.
    Форумын хүрээнд “Ажлын хандлага нь ур чадвараас илүү”, “Хөдөлмөр зуучлалын үйлчилгээний инноваци”, “Мэргэжил сонголт, хөдөлмөрийн бүтээмжийн уялдаа”, “Ажиллах хүчний хомсдол уу, менежментийн хомсдол уу” зэрэг чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулагдаж, “NCS” ХХК-ий Захирал Д.Болор, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга Г.Ганзориг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч М.Халиунбат, Хүний нөөцийн судалгааны Үндэсний хүрээлэнгийн Захирал Г.Тэгшбүрэн нарын илтгэл тавигдав.
    Энэхүү арга хэмжээ нь нийгмийн олон талын оролцоонд тулгуурласан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломж, гарц, шийдлийг хэлэлцсэн, хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. 
    Арга хэмжээний төгсгөлд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын Дарга П.Батхүлэг форумаас гарсан дүгнэлт, зөвлөмжийн төслийг оролцогчдод танилцуулсны зэрэгцээ энэ нь цаашид хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаанд ойрын болон дунд, урт хугацаанд авч хэрэгжүүлэх оновчтой бөгөөд эерэг өөрчлөлтийг бий болгоно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.