Сүүлд нэмэгдсэн

    ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭ СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН, БАЯНЗҮРХ, БАГАНУУР, БАГАХАНГАЙ ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ



    Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

    Арга хэмжээний гол зорилго нь залуучуудыг бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжин, байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэгдэнэ.

    Гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудын гарааны бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллаж ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн /ментор/-ийн туслалцаатайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах явц тодорхой үе шаттайгаар зохион байгуулагдана.

    Эхний үе шат болох Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээ буюу 72 цагийн 3 өдрийн сургалт 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан, Баянзүрх, Багахангай, Сүхбаатар дүүрэгт, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй, Багануур дүүрэгт тус арга хэмжээний нээлт амжилттай болж өндөрлөлөө.

    Гарааны бизнесээ эхлүүлэх /Startup Weekend/ арга хэмжээ дууссаны дараа шилдэг төслүүдийг шалгаруулан арга хэмжээний 2 дахь шат болох Бэлтгэл хурдасгуур /Pre-Accelerator/ арга хэмжээнд залуучуудыг 5 долоо хоногийн турш бизнесийн зөвлөх /ментор/-үүд зөвлөгөө өгч ажиллана.

         Арга хэмжээний сүүлийн шат болох Хөрөнгө оруулагчид, олон нийтэд төслөө танилцуулах /Demo Day/ арга хэмжээнд залуучууд өөрсдийн бизнес төслөө танилцуулан шүүгчид шилдэг төслийг шалгаруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх гарааны санхүүгийн дэмжлэгийг олгоно.

    Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээнд хамрагдсан залуучуудад дараах боломжууд хүлээж байна. Үүнд:

          - 10,000,000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр авах

          - Тав тухтай таатай орчинд эрч хүчтэй, чадварлаг, эвсэг залуучуудтай ажиллах

          - Өөрийн мэдлэг ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

           - Дэлхийн зах зээлд нэрд гарсан гарааны бизнес эрхлэгчдийн туршлагаас суралцах

           - Шилдэг гарааны бизнес эрхлэгч болон зөвлөхөөс зөвлөгөө, мэдээлэл авах