Сүүлд нэмэгдсэн

    “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ" НЭЭГДЭЖ БАЙНА




    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “НЭГ ӨРХ-НЭГ АЖЛЫН БАЙР” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь хөтөлбөрийн үндсэн зорилтын хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав дахь салбарт нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байна.

    Тус төв нь ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудаас ажлын байрны захиалга авах, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажилд зуучлах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт, арга хэмжээ, төсөл хөтөлбөрт хамруулах, дохионы хэлмэрч зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж, залуучууд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, албан бус эдийн засгийн салбарт хөдөлмөр эрхлэгчдийг дэмжин ажиллахаас гадна холбогдох стандарт, шаардлагад нийцсэн үйлчилгээний таатай орчныг бүрдүүлснээрээ онцлог юм.

    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд ажил олгогч-ажил горилогч нар ярилцлага хийх өрөө, эмэгтэйчүүдийн хөгжлийн өрөө, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох болон сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө, хүүхдийн өрөө, бүлгийн сургалтын өрөө, дундын оффис, гарааны бизнес арга хэмжээний өрөө, мэдээллийн булан зэрэг сурч, хөгжих, мэдээлэл, үйлчилгээ авах чөлөөт орчныг бий болгосон.

    Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийгмийн халамжийн газар, 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төр захиргааны байгууллагуудаас гадна “Startup Mongolia” ТББ, Хэрэглээний сэтгэл судлалын  хүрээлэн, “Номин Холдинг” ХХК, “Эвридэй Интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцон дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:

    • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ
    • Ажилд зуучлах үйлчилгээ
    • Сэтгэл зүйн зөвлөгөө 
    • Бүлгийн сургалт /СV бөглөх, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлдэх гэх мэт/
    • Гарааны бизнесээ хэрхэн удирдах, хөгжүүлэх талаарх сургалт
    • Ажил олгогчид ажил хайгч иргэдтэй ярилцлага хийж, шууд ажлын байраар хангах
      • ХААНА: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбар
      • ХЭЗЭЭ: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 11.00-12.00 цагийн хооронд
      • ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ: Утас: 7011 0502, 7012 0502, 7013 0502, 7014 0502, Хөдөлмөрийн нэгдсэн лавлах: 1800-1896