Сүүлд нэмэгдсэн

    “Цагийн ажлын бирж” нээлтийн ажиллагаа болно




                 Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр”, “Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр”, “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр” болон “Ажилд зуучлах үйлчилгээ”, “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ” зэрэг нийтлэг арга хэмжээг хэрэгжүүлж ажилладаг. 

     

                  “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т ажил хайгч, оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэх болон нийтийг хамарсан ажил зохион байгуулах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан. Энэ хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх цагийн ажлын бирж нээж, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол  сургалтын байгууллагын дэргэд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бирж дээр зуу гаруй оюутан залуус биечлэн ирж бүртгүүлсэн. Үүн дээр дэмжих төвүүдийн тоо нэмэгдэнэ. Үүнээс 40 орчим оюутан өдөр өнжүүлэх төв, гоо сайхны газар, зөөгч,  үйлчлэгч гэх мэт үйлчилгээний ажилд зуучлагдан орсон байна. Мөн 2017 оны 12 сарын 16, 17-нд тус биржид бүртгүүлсэн мянга гаруй оюутан залууг цагийн 3500 төгрөг буюу өдрийн 28,000 төгрөгөөр нийтийн эзэмшлийн зам талбай цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

     

                   Тус цагийн ажлын биржийн нээлтийн үйл ажиллагаа багшийн дээдийн зүүн талд байрлах Сонор плаза төвийн 5 давхарт 2017 оны 12 сарын 18-ны 14.00 цагт болно. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын удирдлагуудын төлөөлөл Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын удирдлагууд болон цагийн ажилд бүртгүүлсэн болон зуучлагдан ажилд орсон оюутан залуус оролцох юм. Иймд тус ажлын олон нийтэд хүргэх, сурталчлах ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүс хамтран ажиллаасай гэж хүсч байна.