НХЭГ-ын “Цагийн ажлын бирж”-д оюутан залуус, ажил хайгч иргэд хандах боломжтой




     

     

            Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс батлагдсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т ажил хайгч иргэн, их дээд сургуулийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцагчийг түр ажлын байраар хангаж, орлого нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ хүрээнд Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нь өдөрлөг яармаг зохион байгуулах, их дээд сургууль, МСҮТ-ын дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдтэй хамтран ажиллах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

               Хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хийгдэж буй томоохон ажлын нэг нь тэдэнд зориулсан төвлөрсөн “Цагийн ажлын бирж” юм.

              Цагийн ажлын бирж нь багшийн дээдэд байрлах “Сонор плаза” төвийн 5 давхарт үйл ажиллагаагаа энэ сарын нэгнээс эхлүүлж, иргэдийг цагийн ажилд бүртгэх зуучлах, оюутны цахим карт олгох, ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх, зөвлөгөө мэдээллээр хангах зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлж байна. 

     

     

     

    С.Нямдорж: МСҮТ-ын дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна.

    НЭХГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

     

     

                 Цагийн ажлын бирж нээгдэхтэй холбоотойгоор бид их, дээд сургууль, МСҮТ-ийн дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 25 төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Өмнө нь томоохон сургууль тус бүр дээр 4-8 дэмжих төв гэж байгуулж байсан. Үүнийг энэ жил идэвхитэй сайн ажиллаж байгааг нь нэгтгээд 1 болгож өөрчилсөн. Энэ нь тоо цөөрсөн харагдаж байгаа боловч чанарт нь анхаарах, хүрч ажиллахад хялбар болсон. Мөн Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд сурталчилгаа мэдээлэл түгээх 50 оюутанд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулж, төв ямар үүрэг чиглэлтэй ажиллах, НХЭГ-ийн газартай тэд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдэг мэдээллийг хүргэж ажилласан.

             Түүнчлэн 11 аж ахуйн нэгжийн хүний нөөц, менежерүүдтэй уулзаж, цагийн ажлын байрны зар цуглуулж, мэдээлэл солилцлоо. Ихэвчлэн үйлчилгээний байгууллагуудад зөөгч, угаагч, үйлчлэгчийн ажлын байрны зар авсан. Энэ хүрээнд үйлчилгээний томоохон байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудаа холбох зуучлах ажлыг хийж байна. Цаашид ажил олгогч байгуууллага, ажил хайгч, манай байгууллага гэсэн гурвалсан холбоог сайжруулах, ажлын уялдаа холбоог хялбаршуулах уулзалт зохион байгуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөөд байна. 

     

     

    Д. Гэрэлцэцэг: Одоогийн байдлаар арав орчим байгууллагын 43 цагийн ажил идэвхитэй байна.

    НХЭГ-ын Ажлын байрны бүртгэл, зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

     

     

                Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын дэргэдэх "Цагийн ажлын бирж" бэлтгэл ажлаа хангаж, үйл ажиллагаагаа жигдрүүлээд хэдхэн хонож байна. Өнөөдрийн байдлаар арав орчим байгууллагын 43 ажлын байрны захиалгатай. Бүртгэлийн тухайд биржид хандсан 40-өөд иргэн байгаа. Эдгээр оюутан залуусаас түрүүчээсээ ажлын байрандаа зуучлагдан орсон. Мөн бид МСҮТ-үүдийн дэргэдэх оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдээс ажил хайгчаар бүртгүүлсэн оюутнуудын мэдээллийг нэгтгэж, ажил олгогч байгууллагуудтай холбох, зуучлах үйлчилгээг үзүүлж ажиллаж байна. Энэ тоо нэмэгдээд өнөөдрийн байдлаар манайд 300 орчим оюутан залуу бүртгэлтэй байна.

                 Цагийн ажлын зар болон оюутны бүртгэл мэдээллийг нэгтгэх зорилгоор oyutanajil.mn вэб сайтыг ажиллуулан, 25 оюутны мэдээллийг эхний байдлаар оруулсан байгаа. Мөн бирж дээрээ цагийн ажил хийх сонирхолтой иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад хандаж хэлэхэд ажлын байрны захиалгаа манай байгууллагад утсаар, биеэр ямар ч хэлбэрээр ирүүлэхэд нээлттэй. Бид  “Нийслэлийн-ажлын байрны захиалга, зар” гэсэн нээлттэй бүлгэмээр дамжуулан мөн ажил олгогчдоос захиалга авдаг. Тиймээс аж ахуйн нэгж байгууллагуудыг зараа ирүүлээрэй. Хамтран ажиллаарай гэж уриалмаар байна. Ажил хайгч иргэд, оюутан залуус биржээр маань идэвхитэй үйлчлүүлж, боломжоо ашиглаарай гэж хэлмээр байна.

     

     

                Цагийн ажлын бирж нээгдсэнээр оюутан залуус нэг цонхноос хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л мэдээлэл, ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө авах, ажлын байранд бүртгүүлэх, зуучлуулах бүрэн боломжтой болжээ. Нээгдээд удаагүй тус биржид 300 орчим оюутан залуус бүртгэлтэй байгаа нь эрэлт хэр ихийг харуулж буй юм. Иймд ААН байгууллагууд цагийн ажил гарсан бол Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим хуудсуудаар болон 1800 1896 утсаар хандаж, захиалга өгөх боломжтой юм.

     

     

     

     

     

     

    Э.Ариун