Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх сургалт боллоо




                     ХХҮЕГ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулсан “Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх” сургалт 9-р сарын 7-10-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. “Өрхийн хүнсний ногоо боловсруулах чадамжийг дээшлүүлэх” сургалтын зорилго нь хүнсний ногооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа нийслэлийн өрхийн хүнсний ногооны хэрэглээг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй хүнсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлэх явдал юм. Сургалтанд хамрагдсан иргэд Өлзийт хороололд байрлах "Бөхөг-Түргэн" ХХК-ны хүлэмж, тариалангийн талбайтай биечлэн очиж танилцан, туршлага судласан. Мөн үндэсний зөвлөх багшаар онол практик хосолсон хичээлүүд заалгаж, технологийн мэдлэг олж авсан юм.  

     

     

    Ю.Урангэрэл "Монгол ногоо" хөтөлбөрийн зөвлөх, Үндэсний зөвлөх

     

               Энэхүү сургалт нь өрхийн хүнсний ногоо тариалж, хувиараа аж ахуй эрхэлдэг иргэд хэрхэн тариалсан ногоо, жимсээ нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, үйлдвэрлэл явуулах вэ? Цаашлаад цех бий болгон ажиллах, бизнес төсөл хийх, бүтээгдэхүүнээ боловсруулж хэрэглэх арга зүй зэрэг ойлголт, технологийн мэдлэгийг олгох  гол зорилготой юм л даа. Сургалтанд оролцсон иргэд ч үүнд сэтгэл хангалуун байна. Эдгээр иргэн хөтөлбөрт хамрагдаж, тодорхой хэмжээний талбайд ногоо тариалж сурч, үр дүнг нь хүртсэн байна. Харин хураан авсан нарийн ногоо болон жимсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэх арга зүйгээ эндээс сурч байгаа юм. Сургалтын онцлог гэвэл ганц технологийн мэдлэг олгохгүй практик хосолж, өөрсдөө давхар биечилж хийж  сурч байна. Өөрөө харж, зааврын дагуу хийж сурсан зүйл хүнд хоногшиж, чадвар эзэмшүүлдэг. Хоёрдугаарт олж авсан технологийн заавар мэдлэгээ бизнес төсөл төлөвлөгөө болгох, хөрөнгө оруулалт авах, цаашлаад жижиг цех байгуулж, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх зэрэг боломжийг нь нээж өгч байгаа. Ганц онолын мэдлэг биш менежментийг нь давхар зааж байгаа учраас хүмүүст илүү хүрээд байна уу даа гэж сургагч багшийн хувьд харж байна.

     

     

    Гонгорын Ууганмаа Баянзүрх дүүргийн 5-р хорооны иргэн “”Арвин-Буян” Бүлгийн ахлагч

     

                Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээнд эхний жилээ хамрагдаад, маш их зүйл сурсандаа баяртай байгаа. Хийж байгаа зүйлдээ дурлаж, баг хамт олонтой болоод ирэхээр энэ хөтөлбөр цаашид хугацаагаа уртасгаад үргэлжлээсэй гэж бодох болсон. Манай бүлэг 19 хүнтэй. Хүлэмжиндээ тарьсан нарийн ногоонуудаа хурааж авсан. Өргөст хэмх, улаан лооль, чинжүүгээ даршилж хадгалах аргыг агрономичоосоо сурч, хийж сурсан. Өргөст хэмх гэхэд л 800 ширхэг авлаа. Төмсөө харин одоохондоо хурааж аваагүй байна. Өнөөдрийн сургалтаар харин алаг салат, алим жимсний чанамал хийхийг сурлаа. Сайхан ургац авсан. Түүнийгээ боловсруулж сурсандаа сэтгэгдэл өндөр байна.

     

     

    Н.Энхбаяр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сургалт мэдээллийн төвийн тэргүүн

     

                Миний хувьд 2 дахь жилдээ тус арга хэмжээнд хамрагдаад явж байна. 80%-ийн харааны бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил олдох нь ховор. Нийгмийн зарим хандлагаас болж ганцаардах, өөрийгөө бусдаас өөрөөр мэдрэх тохиолдол их байдаг. Харин хөдөлмөр эрхлэснээрээ өвчнөө мартаж, хамт олонтой хөгжүүн болж ирдэг. Би яагаад ингэж хэлж байна вэ гэхээр эхний жил өөрөөсөө гадна 19 ХБИ-тэй нэг бүлэг үүсгэн хүнсний ногоо тариалалт хамтдаа хийж сурсан. Энэ жил мөн л дахин өөр 20 хүнтэй бүлэг байгуулсан. сурсан. Хоёр жилийн хугацаанд 40 хөгжлийн бэрхшээлтэй иргэн газрын баялаг ашиглан хүнсний ногоогоо тариалах, үйлдвэрлэх, боловсруулах арга зүйд суралцсан байна аа гэсэн үг. Энэ арга хэмжээ маш их өгөөжтэй байгаа юм. ХБИ гэлтгүй ер нь ихэнхи хүн ногоо тариалах, даршлах, өрхийн хэрэгцээндээ хэрэглэж, ашиг олж амьжиргаагаа дээшлүүлэх гэдэг мэдлэг байсангүй. Үүнийг агрономич эсүүл тусгай мэргэжилтэн л хийдэг гэсэн ойлголттой байсан. Энэ ойлголтыг эрс өөрчилсөн. Тэд цаашдаа хашаандаа ч гэсэн өөрийн гараараа ногоо тариалж, өрхийн хэрэгцээгээ хангаж, орлого болгох нь сайхан байдгийг мэдэрлээ шүү дээ. Ер нь үндэслээд ургадаг ургамал гэдэг харж баясах, сэтгэл санаа өөдрөг болоход тустай байдаг юм байна. Ургаж, томорч байгааг нь хараад урам зориг авдаг. Мөлхөөд ч гэсэн газар дээрээ ногоогоо тариалж, услаж ургуулаад, хураан авч чадна. Энэ нь дасгал хөлөгөөн болохоос гадна эрүүл мэндэд нь сайн үр дүн гарч байгаа нь ажигладаж байгаа. Манай бүлгийнхэн ургац ч сайн хурааж авсан. Түрүүчээсээ кг нь 2500 төгрөгөөр ногоогоо борлуулж, 60-70 хувь нь өрхийнхөө хэрэгцээг хангасан. Үүнийгээ даршилж хадгалаад, баяр ёслолын үеэр мөнгө зарлагдаж  худалдаж авахгүй боллоо л гэсэн баяртай сууна даа.

     

     

    П.Тунгалаг Сүхбаатар дүүргийн 9-р хорооны иргэн, “Ундраа” бүлгийн ахлагч

     

               Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас зохион байгуулдаг хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хоёр дахь жилдээ хамрагдаад ажиллаж байна. Би жар гарсан тэтгэврийн хүн. Энэ бол дүүрэг, хороодод ажилгүй, орлогогүй, гэртээ юу хийхээ мэдэхгүй байгаа хөдөлмөрийн насны иргэдэд зориулсан үр өгөөжтэй ажил гэж талархдаг. Газар тариалангийн ойлголт мэдлэг олгож, тариалахаас эхлүүлээд хураах хүртэл бүхий л зүйл дээр дэмжлэг үзүүлдэг. Бүлгийнхан маань ургацаа хураан аваад нэг жилийнхээ өрхийн хэрэгцээгээ бүрэн хангачихаж байна. Зарим нь худалдан борлуулаад сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ зориулж байна. Энэ сургалтаар манай бүлгийнхэн ногоогоороо алаг салат хийж даршилахыг сураад шимтэн сууж байна. Дэлгүүрээс аваад иддэг байсан уу гэхээс өөрөө гардан хийж байгаагүй. Номноос ч уншаад мэргэжлийн үг хэллэг сайн ойлгохгүй. Харин энд онолоо заагаад, түүнийгээ хийж үзүүлж байна. Энэ маш үр дүнтэй сайхан санагдаж байна. Жил бүр бид хүлээдэг болчихлоо. Цаашид ч үргэлжлээд байгаасай гэж бодох юм. Энэ бол маш зөв бодлого гэж хардаг.

     

     

     

     

     

    Сурвалжилсан: Э.Ариунтунгалаг