Connect with us

Цаг үеийн мэдээ

Өнгөрсөн долоо хоногийн тойм

Нийтэлсэн

-

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өргөжүүлэх, мэргэшүүлэх сургалтуудад хамрагдах, гарааны бизнес эрхлэх зэрэг боломж бүрдэх аж. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд хэлэхдээ “Төслийн хүрээнд нийгэм эдийн засгийн судалгаа хийхэд иргэд оёдол, гоо сайхан, үсчний сургалтад хамрагдахыг хүссэн судалгаа гарсан. Сэлбэ дэд төвийн харъяа бизнес инкубатор төв ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны 15000 мянган иргэн сургалтад хамрагдах бүрэн боломжтой.Гарааны бизнесээ хөгжүүлэх бүхий л үйлчилгээг авна гэсэн үг. Германы Эдийн засгийн хамтын ажиллагааны яам, Азийн хөгжлийн банкны “Ур чадварыг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлж, мэргэжилтэн ажилтан бэлтгэж эхэлсэн байгаа. Иргэдийг ажилтай орлоготой байх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих чиглэлээр сургалтын төвүүд маань ажиллана” хэмээлээ.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-өөр хэрэгжих Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй байна.

Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр  Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв номын сангийн барилга, болон дээрхи 12а, 12б орон сууцны байрны дунд 16 давхар бүхий орон сууцны барилгыг өнгөрсөн долдугаар сараас барьж, дөрөвдүгээр давхар хүртэл угсралт хийж байгаа талаар иргэдийн төлөөлөл гомдол гаргасан юм. Номын сан болон орон сууцны байруудаас 7 метр хүртэлх зайтай, орох гарах гарц хаасан, байгалийн гэрэл тусах боломжгүй, үзэгдэх орчин хязгаарласан, хүүхдийн тоглоомын талбай, автозогсоол байгуулах боломжгүй нөхцөл үүссэн зэрэг олон сөрөг талууд бий болжээ. Ерөнхий сайд нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад орон сууцны барилгын норм, стандарт зөрчсөн байж болзошгүй байдлын талаар судалж, шийдвэрлэх гарц олохыг Ерөнхии сайд нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу нийслэлийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай нар газар дээр нь ажиллаж барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа.

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс шинэ барилгатай боллоо


Нийслэлийн 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн шинэ барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс, цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн оролцлоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр уг барилгын шавийг тавьж байсан бол богино хугацаанд барилгын ажлыг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн өнөөдөр ашиглалтад орж, цагдаагийн бие бүрэлдэхүүн үйл ажиллагаа явуулах шинэ тохилог, орчин үеийн шийдэлтэй гурван давхар барилгатай болж байна. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бат угсрал констракшн” компани ажиллажээ. Шинэ байр ашиглалтад орсноор иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байгаа юм. Харин хуучин үйл ажиллагаа явуулж байсан барилгыг Эрүүлжүүлэх газар болгон ашиглах юм байна. Тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш ийнхүү 31 жилийн дараа шинэ байртай боллоо. Уг цагдаагийн хэлтэс нь одоогоор 100 гаруй албан хаагчидтай үйл ажиллагаа явуулдаг байна.

Угаар мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг зөвлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Угаарын хийн эрсдлээс урьдчилан сэргийлэх” ажлын хэсэг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхүүдээр явж ажиллалаа. Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Алтанбаяр, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны өндөр настан Л.Пүрэвээ нар“Тавантолгой түлш” компанийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-нд яндангаа хөөлүүлэх, пийшин зуухны аюулгүй байдлаа шалгуулах хүсэлт тавьжээ. Албаныхан иргэдийн пийшин зуухны холбоос муу, янданг хөөлөх шаардлагатайгаас гадна угаар мэдрэгчийн батарей дууссан байгааг илэрүүлж, засвар үйлчилгээг үзүүлсэн юм.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэдийн хувьд галлагааны зөвлөмж, сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.  Эрдсэл хаана ч байдаг гэдгийг тооцож иргэд аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Угаар мэдрэгчийнхээ зайг шалгаж үзэх хэрэгтэй. Агааржуулалтын хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг сайтар шалгаж байхыг зөвлөмөөр байна” гэв. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрхүүдийн пийшин зуухны битүүмжлэл, яндангаа хөөлсөн, агааржуулалт хийж угаар мэдрэгчийг ажиллуулж байгаа зэрэг угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү  гэр хорооллын өрхүүдээр явж хяналт тавьж буй юм.

Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төсөл гурван үе шаттайгаар зургаан шинэ дэд төвийн байр суурь инженерийн дэд бүтэц болон нийгмийн барилга байгууламжуудын ажлуудыг нийт есөн жилийн хугацаанд барьж байгуулах юм. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд нийслэлийн хойд бүсийн гэр хорооллыг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэх ажлын явц 82 хувьтай, төслийн хоёр дахь үе шатанд Дэнжийн мянга, Дамбадаржаа дэд төвүүд 24.47 хувьтай үргэлжилж байна. Тэгвэл төслийн гурав дахь үе шат болох Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүү, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжлүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд болон бусад холбогдох албаны хүмүүс, дүүргийн иргэд оролцов.

НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд Монгол Ардын нам, Ардчилсан нам, МАХН, Монголын ногоон нам, Дэлхийн Монголчуудын нам, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ж.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын бие даагч үнэмлэхээ гардан авсан юм. Энэ үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өнөөдөр үнэмлэхээ гардаж авснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх бололцоотой боллоо. Сонгуулийн сурталчилгааг аравдугаар сарын 13-ны өдрийг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна. Та бүхэн сонгуулийн үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээлээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хохирсон иргэдийг хүлээн авч уулзлаа

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд хамрагдсан ч одоог хүртэл байрандаа орж чадаагүй байгаа иргэдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа. Иргэдийн зүгээс “Энэ асуудал шийдэгдэхгүй долоон жил өнгөрлөө. Бид хандаж болох бүх хүнд хандсаар ирсэн. Одоо хүртэл байрандаа орж чадахгүй явна. Бид байрандаа ормоор байна. Эсвэл нөхөн төлбөр авах хүсэлтэй байна. Гэрээнд заасан нөхцөлөөрөө л асуудлаа шийдүүлмээр байна. Тухайн үед төсөл хэрэгжүүлэхээр эрх авсан компанид хариуцлага тооцох хэрэгтэй. Олон жил ингэж ард иргэдийг хохироож болохгүй. Өнөөдөр бидний асуудлыг ойлгож, хүлээн авч уулзан боломжтой шийдлээр нь шийдэж ажиллан гэж байгаад талархалтай байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Та бүхний асуудлыг маш сайн ойлгож байна. Олон жил яригдсан асуудал. Хаана хаанаа боломжтой хувилбараар шийдэх нь зүйтэй. Асуудлыг бодитоор харж, хамтдаа зөв гарц гаргалгааг гаргах шаардлагатай байна. Холбогдох албаны хүмүүс болон та бүхний төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллана. Иргэдийнхээ оролцоотойгоор хамтарч асуудлаа шийдвэрлэнэ” гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл хийлээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг нийслэлийн Сонгуулийн хорооноос өглөө. Монгол Улсын аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулинд заасны дагуу нийслэлийн Сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулж буй юм. Нийслэл дүүргийн Сонгуулийн хороод сонгуульд оролцох нэр дэвшигчдийн үнэмлэхийг өчигдөр гардуулсан. Нийслэл болон дүүргийн хэмжээнд орон нутгийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тоог  нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд танилцууллаа.

Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар авахыг үүрэг болголоо

Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан талаар болон сайжруулсан түлшний нөөцлөлт, борлуулалт, угаарын хийн мэдрэгчийн түгээлтийн талаар хэлэлцлээ.

Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, тулгамдаж буй асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Тэрбээр инженерийн шугам сүлжээний засвар тоноглолын ажлыг дэлгэрэнгүй танилцуулаад, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлаар мэдээлэл өглөө. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 1356 арга хэмжээг төлөвлөснөөс 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчмын автозамыг Нүхтийн замтай холбоно

Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох ажлын хүрээнд энэ сарын 11-ны өдрийг хүртэл автозамыг хаахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Э.Мөнх-Од мэдээлэл өглөө. Тэрбээр “Нүхтийн автозамаас Хан-Уул дүүрэг  4 дүгээр хороо буюу нэгдсэн эмнэлэг хүртэлх 712 у/м автозамыг холбох замын ажил хийгдэнэ. Энд автозамд цементээр бэхжүүлсэн суурь, өнгө хучилт хийгдэхээр төлөвлөгдсөн. Тус автозам ашиглалтад орсноор Наадамчдын автозамын хөдөлгөөн 30 хувиар буурах ач холбогдолтой. Хоёр автозамыг холбох ажил хийгдэх юм” гэв. Тус автозамыг хаасан үед зураглалын дагуу түр замаар зорчихоор хөдөлгөөнийг зохион байгуулсан байна. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд түр замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган зорчихыг албаныхан зөвлөлөө.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа
Сурталчилгаа
Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Авлигын эсрэг үйл ажиллагаа7 сар өмнө

Авлигын эсрэг хамтдаа.

Цаг үеийн мэдээ11 сар өмнө

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИЖ ЖИЖИГ ЗЭЭЛ ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Зөвлөгөө11 сар өмнө

“ӨРХ ГЭР, АЖЛЫН БАЙР, ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЯГ ОДОО ЦЭГЛЭЕ”

Зөвлөгөө11 сар өмнө

Д.Мөнхөө: Гэр бүлийн гишүүд нэг нэгэндээ аз жаргал бэлэглэж, аав ээжийн аз жаргалтай харилцаанд дараагийн Аз жаргалтай монгол хүн болж өсөх орчинг бүрдүүлж байх нь өнөөгийн Монгол хүн бүрийн ЭРХЭМ ҮҮРЭГ юм.

Видео1 жил өмнө

Сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээг гэрээсээ авах боломжтой болсныг ДААТГУУЛАГЧ та мэдээгүй юм биш биз?

Видео1 жил өмнө

НИЙСЛЭЛИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ГАЗАР “UB JOB” АППЛИКЕЙШН

Видео1 жил өмнө

Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр

Видео2 жил өмнө

Ослыг тэглэх алсын хараа

Видео2 жил өмнө

Угаарын хийнээс сэргийлцгээе